Зүг бүрт сүлжилдэх хаврын дуучин шувууд, зөндөө удаан
хүлээсэн учрал шиг тогтож ядан нисэлдэнэ. Зүгээр л ийм байхыг хүссэн ч юмуу,
зүгээр ч үгүй сэтгэл шиг минь уймраад л байх шиг.., Сонссон, сонсоогүй элдэв
хэлээр шулнаналдан хөөрөлдөх нь амраг шиг минь ч юм шиг, алагхан үр шиг минь ч
юм шиг.., Хавар бүрийн шувуудын дуунаар сэргэдэг дэлхий ертөнц аанай л өнгө
засан гэрэлтэнэ..,
Үзэсгэлэнт байгалийг мэдрэн алхах
хаврын улиралд би хамгаас илүү хайртай. Зөн совин минь хавар ирснийг гэрчлэх
мэт далдаас хайрын их хүчээр халуу төөнүүлнэ. Өчигдөрхөн л хэзээ амилах нь үл
мэдэгдэх бараан дэлхий, үзэмж төгс цэцэгс дээр өнгө тансаг эрвээхэйгээр гоёжээ.
Зүрх сэтгэл минь бас л гоёлоо хайн, саяхан л шатаан ирж асан анхны хайрын
дурсамжуудыг шуурга шиг өдөөн сануулна.
Миний л ертөнцөд хавар ямар их үнэтэй
гэдгийг жил бүр мэдэрнэ. Хайрын нарсан төгөл минь цэцэглэн буй энэ л улиралд
бүхнийг умартан чиний л зүг тэмүүлэх нь сэтгэлийн минь хязгааргүй эрч хүч
гэлтэй. Би чамайгаа санахын зовлонг "жаргал" гэж өөртөө үглэсээр хичнээн ч
удав.., Яг үнэндээ жаргал бус зовлон гэдгийг өөрөөсөө нуух ямар ч хүсэл
алга. Уулзах мөч ямархан байхыг жижигхэн тархи минь төсөөлж ч чадахгүй нь хайр
минь..,
Зүүдний ертөнц дэндүү цөхрөөд, нэг л
адилхан хэмнэл, чиний үлдээсэн дурсамжыг бүгдийг зүүдэлж дуусчихаад чимээгүйхэн
хүлээгээд байнаа хайрт минь. Яг үнэндээ, зөөлөн бороонд тэвэрч зогсохыг, зөв
буруугүй яриад л байхыг, зүгээр дэргэд минь л байгаасай гэж зүрх сэтгэл минь
хүсээд байнаа чамайг.., Учралын сайхан, уруулын чинь амт үгүйлэгдээд байнаа
хань минь..,
No comments:
Post a Comment