Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Анхны бороо..,



...Бороонд норсон цэцэг минь
Бодолд дарагдасан сэтгэл минь..,
Өнөөдөр анхны бороо зөөлөн шивэрч орлоо. Анхны.., энэ жилийн хувьд анхны.., бороондоо ч биш анхны гэсэн мэдрэмж л сэтгэл их хөдөлгөх шиг. Цаснаас уйдсандаа ч биш, бороонд ямар байдгийг мэдэх ч, борооноор алхаагүй нилээд удсан болохоор цаанаа л нэг таатай.
Үнэр нь, нүүрэн дээр зөөлөн буух дуслууд нь, нэгнээ тэмтчин олж хоолой даган урсаж бие норгох урсгал нь.., Ер би энэ бороог ямар их санаа вэ..,
Магад бороотой цуг миний сэтгэлийн гүн дэх жаргал зовлон, сайхан дурсамжууд жилээс жилд өртөөлөн, үл мартагдан хөврөөд л байх.., Цаашид ч ингэх биз, бороо орсоор л байх учир..,
Анхны бороог л ингэж их мэдэрч чаддаг учир энэ л эгшинд ингэтэл их бодолд автуулдаг биз ээ. Яагаад ч юм бороог хоёрдох, гуравдах гэж тоолдоггүй шиг., магад сүүлийнхийг ч бас мэдэлгүй өнгөрдөг шиг.., Үүнээс хойш үргэлжлэн орох бороонд тохиолдсон бүхий л дурсамж дараа жилүүдийн анхны борооноор л илүү сэдрэх.., Хүн гэгч сэтгэлийн амьтны хайрлах, санаашрах зөн тэр л үед дээд цэгтээ тулах мэт..,
Энэ л бороотой цуг сэтгэл норгон чиний тухай бодол зүрхнээс гаран биеийн минь судсаар халуу оргиулан урсана, бүхий л эд эсэнд минь чи мэдрэгдэх шиг.., Чамтай байсан бүхий л сайхан мөч бороонд байсан ч юм шиг, эсвэл бороо л чамайг надад өгсөн ч юм шиг, яг одоо зөвхөн энэ бороо л нарнаас илүүтэй сайхан санагдана..,
Анхных гэх өмчлөлийн оргил нь хайр.., чи минь.., Анхны бороо, анхны хайр.., анхны бороо чамайг минь тэсч ядтал сануулаад байна..,  Зүрх сэтгэлийн минь мэдрэмж бүхний үзүүрт чи.., урсаад л, урсаад л.., бодлууд.., дурсамжууд.., хайрлаад л..,
Дараа жилийн анхны бороо өнөөдрийнх шиг бодол л биш байгаасай гэж залбирмаар л.., 

No comments:

Post a Comment