Зөөлөн урсах голын чимээг, шувуудын жиргээнээр хөг нэмэн сонсох. Ертөнцийн
ер бусын анир, байгал эхийн урласан гайхамшигт орчинд зохилдон үгээр хэлэхийн
аргагүй тайвширал, басхүү тийм гэхийн эрхгүйгээр сэтгэл хөдөлгөөд. Ерөөс нийгмийн
элдэв бухимдлыг ор мартсан ийм л үед хүн өөрийгөө юу бодож, юу хүсч, юунд
тэмүүлж явдгийг ойлгуулах нь нэн таатай.
Энд бүх л мэдрэхүй ижил ийм тансагийг мэдрэн буй. Хүний төсөөлөн
бодохуй ч үл хүрэлцэх өнгө, цэцэгсийн гайхамшигт хослол, цэцэг бүхний тансаг
үнэр, гээд урлаагүй үлдээсэн хийгээд үл зохилдсон зүйл нэгээхэн ч үгүй. Хүн гэгч
байгалийн агуу хүчний өмнө хүчин мөхөсддөг шиг л, гайхамшигийнх өмнө бас
уужран, уярах аж.
Нүдээ аних зуур намуухан эгшиглэх хайрын хөгжим уянгалаад
тэр дунд би ганц л хүнийг олж харах. Хүн бүрийн дотоод ертөнц чухам тэс өөр ч хэлбэрийн
хувьд нэг л ижил зүйлд тэмүүлэг нь хайр гэлтэй. Энэ мэдрэмж л өндөр байх тусам
амьдрал гэрэл гэгээгээр дүүрэн байх биз. Нийгэмд хэт хувьчлагдах нь хүний
байгалиас заяагдсан гайхамшигт өгөгдлийг үгүй хийгээд зогсохгүй араатан шинжийг
нь илүүтэй өдөөгөөд байх шиг.
Гайхамшигт амьдрал дундаас өөрийгөө л харах гэж хичээв ч
чи харагдах. Магадгүй чи миний толь, эсвэл дотоод сэтгэл минь юм уу.., Ямартай
ч чиний тухай бодол бүр тайвширал, тайтгарлаар дуусдаг болохоор чи миний хувьд
хамгийн тансаг байгал минь..,
Амьдраад л, амьдраад л байхад.., Чамаас өөр юу ч эсийг
боддог байхад аз жаргал минь надад үргэлж наалдаж явдаг болохоор би чамдаа
дэндүү хайртай.., Ямар ч мухардал бүрт чиний тухай бодлын үзүүрт гарц нь дандаа л байдаг
болохоор чи миний дотоод ертөнц.., Яг үнэндээ аз жаргал гэгчийг чамаас өөрөөр
хэзээ ч төсөөлж чадахгүй гэдгээ дэндүү мэдрээд есөн жил болж..,
Одоо ч хүртэл шинэхэн, хайрын нарсан төгөл сэтгэлд минь ургаад
л байна.., Тэр нарсан төгөлийн дундах бяцхан горхины чимээ, нарсан төгөлд минь
үүрээ зассан бяцхан шувуудын жиргээ аниргүй ертөнцтэй сүлэлдэн шөнө бүр чихэнд минь
эгшиглэн тайван амруулдаг сэтгэлийн минь ертөнц чи минь.., Өглөө бүр усалж,
үдэш бүр тэвэрт нь унтахыг хүснэ.., Хаана ч явсан амьд ертөнц зүрхэнд минь
ургаад.., Амьдрал дэндүү гайхамшигтай..,
No comments:
Post a Comment