Зүрх
сэтгэл минь бид бүхнээс эх оронч амьдрахыг хүсдэг. Бид бүгдийн зүрх сэтгэл нэг
зүгт цохилсоор хичнээн ч жилийг ардаа
үдээвдээ. Би ч бас яг л ийм хөөрүү хэрнээ үнэнч байдалд дэндүү их дуртай.
Гагцхүү тэр бүрий ил гаргаад байхыг хүсдэггүй. Эх оронч хүн ямар байхыг, ямар ч
байсан өөрийнхөөрөө төсөөлдөг болоод л тэр.
Ярих гэдэг гол шалгуур биш ч дэндүү
их чалчигч нар хуурамч байх нь элбэг. Би олон эх орончдыг танина. Тэдэнд
Гегелийн философи шиг амьдрал хэзээ ч байгаагүй. Угаас тэр Гегел гэгч хэзээ ч бидний ойлгодог эх оронч
үздийг номлоогүй. Улс үндэстэн бүр өөр өөрийн үнэт зүйлс, ертөнцийг үзэх
үзэлтэй байдаг учираас.
Монголчуудын
эх оронч үзэл нүүдлийн соёл болон түүний хүрээлэлд бүрэлдсэн соёлын
хэлбэрүүдтэй шууд холбоотойгоор бүрэлдэн тогтсон юм. Монголчууд эртнээс эх
оронч үзлийг зөвхөн улс төрийн хилээр хязгаарлалгүй, ер бүхий л байгаль,
дэлхийг хайрлахаар ойлгосоор ирсэн. Бидний мөнх тэнгэр шүтлэг, өдийг хүртэл амь
тасралгүй авч ирсэн бөөгийн шашин үүнийг гэрчилнэ. Тэнгэр газрын дунд эцэг
тэнгэр, эх дэлхий минь хэмээн магтан дуулсаар ирсэн. Тэдэнд үнэн сэтгэлээс
сүсэглэн, гуйж аргадан, нүглээ наминчилан, магадгүй ивээлд нь багтан амьдарсаар
ирсэн. Хамгийн чухал нь эх дэлхийгээ хайрлах үзлийг бүр балчир цагаас нь хүүхэд
бүрт суулгасаар ирсэн.
Бид
суурьшмал иргэншилд эрчимтэй шилжиж буй энэ үед Монголчуудын үнэт зүйлс зөвхөн
тодорхой бүлэг хүмүүсийн дунд л хадгалагдан үлдэх аюулд учраад байна. Өнөөдөр Монголчууд
юун үнэт зүйл, юун эх орон гэх сэтгэлээр зөвхөн өнөө маргаашийнхаа хоолны төлөө
бүхнийг умартан адгаж тэвдэн зүтгэсээр байна. Юунаас урьтаж, юунд хүрэх гэж,
юунд яараад буй нь дэндүү ойлгомжгүй. Нэг л үл мэдэгдэх хүсэл мөрөөдөл тээсээр,
эсвэл бүр хүсэл мөрөөдөлгүй ч амьдарч байгаа юмуу, учир нь үл олдох зүйл тийш
шургалчихаад зүтгээд л байдаг зүтгээд л байдаг. Одоо нэг түр амс хийгээд тайван
сууж, тал шигээ сэтгэх цаг нь ирсэн ч юм шиг.
Эх
орноос үнэтэй зүйл хаа ч үгүй гэдгийг л бүгд зүрх сэтгэлдээ ойлговол болох нь
тэр. Үнэтэй хөөрөг барьж, дээл өмсөж, үнэтэй мориор гангарснаар ч юмуу, эс бол
бүгдийн өмнө ил гарч цээжээ дэлдэн хашгирсныг ч юмуу эх оронч гэж үзвэл
өрөөсгөл. Эх орон бол өнөөгийн улс төрчдийн авилгаар авах хэдэн саяас, өнөөгийн
худалдаачдын хэдэн тэр бумаас ч илүү үнэтэй зүйл гэдгийг тэд өөрсдөө
ойлгодоггүй. Нүүдлийн соёлын хамгийн сул тал болох нийтэч бус араншинг бид эцэг
өвгөдөөсөө яасан ч сайн өвлөөв дээ. Тэнд байсан сайн бүхнийг нь хоцрогдсон гэж
голж орхиод ирсэн.
Эдлэл хэрэглэл,
техник технологи, онол баримтлал хуучирнуу гэхээс үндэстнийг илэрхийлсэн үнэт
зүйлс, эх оронч үзэл хэзээ ч хуучирдаггүй юмаа. Монголчууд эх орноо ширхэг
чулуунаас нь эхлээд говийн намхан тос даасан бор толгод, хангайн сүрлэг мөнх
цаст ноён оргилуудтай нь хайрласаар л ирсэн. Монголчууд эх орноо ааваасаа бус
өвөг дээдсээсээ хүлээж авснаа сайн ойлгодог байсан, үр хүүхэддээ бус хойч эх
орноо өвлүүлнэ гэдгээ ч мэддэг байсан. Холыг харж тал шиг амьдарч байсныг нь
түүх гэрчилнэ. Өнөөдөр хол гэхэд хоёр үеэ харж чадаж байна уу гэдэг
эргэлзээтэй.
Агуу үндэстний
хойч үе болсон биднээс агуу сэтгэлтэй байхыг эх орон чинь, эх түүх чинь, хойч
үе чинь хүсч байгаа. Гаднаа улайж дотроо мөс шиг бус дотроосоо дүрэлзэж, эх
орныхоо төлөө зүрхнийхээ лугшилтын ядаж талыг нь зориулахыг хүсье. Монгол хүний
судсаар Монгол эцгийн цус гүйж л байхад Монгол залуус эх орныхоо төлөө
дүрэлзсээр байна гэдэгт би итгэлтэй байна..,
No comments:
Post a Comment