Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Тусгаар оршихуй


Монгол улс тусгаар тогтнолоо
тунхаглан зарласны 86 жилийн ойд
                Тусгаар тогтнол гэх ойлголт Эцгийн эрхэт ёс ноёрхсон үеэс эхлэлтэй бөгөөд анхны төр үүссэн цагаас эхлэн төрийн гол хэмжүүр болсоор ирсэн билээ. Монгол нутагт оршиж асан нүүдэлчдийн хувьд энэ ойлголт МЭӨ 3-4 дүгээр мянган жилтэй холбож ойлгож болох юм. Төгс утгаараа бол нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүтэй шууд холбоотой.
Хүннү гүрэн байгуулагдсан цагаас эхлэн тусгаар тогтнолын гол шалгуур болох газар нутаг, хүн ам бүхий олон төр ээлжлэн байсан бөгөөд тэдгээрийн шууд үргэлжлэл нь өнөөгийн бид буюу Монгол улс билээ.
Нүүдэлчдийн хувьд газар нутаг гэсэн ойлголт бус “бэлчээр нутаг” гэсэн ойлголт давамгайлдаг учир нүүдэлчдийн төр мөхөх нь хурдан байсаар ирсэн. Ийм ч болохоор богино хугацаанд олон ястан, үндэстнүүд ээлжлэн төр барьж байсан. Аль бүс нутагт өвс ногоо элбэг ган зудгүй байна тэр нутгийн нүүдэлчид хүчирхэгждэг, төр барьж буй овог аймгийг байлдан эзэлдэг түүх байсаар ирсэн. Ерөнхийдөө Монголчууд тойрсон улс үндэстэндээ ялагдсан он жилүүдэд дандаа гурван гол болон бусад томоохон голууд ширгэж багасан олон жилийн ган зуд болсон байдаг. Энэ нь нүүдэлчид цэвэр байгалиас хараат оршидогийн илрэл юм.
Иргэншилд /нүүдлийн соёл гэж байхаас нүүдлийн иргэншил гэж байхгүй учир шууд ингэж бичлээ/ бол дээрх байдал эсрэгээрээ. Төрийг барьж буй аймгуудын хүрээнд л ихэвчлэн хаан ширээний ч юмуу тэмцэл явагдахаас бус төрийн эрх тэр чигээрээ өөр аймагт шилжиж байсан нь тун ховор. Учир нь иргэншлийн төр ард түмнийхээ төлөө байж, ард түмэн нь төрийн хамгаалалт хангалттай орж буй цагтаа ихэвчлэн эсрэг зүйл хийдэггүй. Энэ бол хамтын ухамсрын асуудал юм. Харин улс улсаа эзлэх тухайд бол өөр ойлголт. Аль улс цэргийн хувьд хүчирхэг байна тэр улс л ойр орчимдоо ноёрхлоо тогтоож байсан. Монгол улс бол зүгээр нэг хүчирхэг улс байсангүй.
Олон зуун жилийн төрийн төлөөх тэмцэл, иргэншлийн бага ч болов нэвчил, агуу их удирдагч заяаснаар Монгол улс Дэлхийг байлдан дагуулсан юм. Ингэж хэлсэн учир нь энэ үед дэлхийд эзэлж болох төрт улсуудийг бараг бүгдийг нь эзэлсэн бөгөөд үлдсэн гурван тивд төрийн тухай ойлголт байгаагүй гэж хэлж болно. Тиймээс эзлэх шаардлгагаүй мэт. Дэлхийд хамгийн олон хүнийг , хамгийн өргөн уудам газрыг нэгтгэж чадсан үе бол Чингисийн байлдан дагууллын үе билээ. Үүний дараа хоёрдугаарт орох агуу их нэгдэлт бол Европын холбоо юм. Монголчуудын хүчирхэг үеийн хамгийн том алдаа бол хүн ардаа гаргуунд нь хаясантай холбоотой. Нүүдэлчдийн төр болон иргэд өөр зүйл хүсдэг бол иргэншилийн ертөнцөд бас өөр зүйл хүсдэг. Үүнийг мэдрэхгүйгээр, нөгөөтэйгүүр тэдний Оюуны хөрсөн дээр нийслэлээ аваачиж амьдарч асан явдал.
Эртнээс нааш тусгаар тотгнолын тухай ойлголтууд газар шороо, эд баялаг, хүн амын тоон дээр гол анхаарлаа хандуулсаар ирсэн. Өдгөө эдгээр ойлголттой зэрэгцэн Оюуны хил гэх ойлголт хүчтэй нэвтэрч байгаа. Хэдхэн жилийн дараа газар нутгийн хилээс илүүтэйгээр улс үндэстний тусгаар тогтнолыг илэрхийлэх гол зүйл нь Оюуны хил болно. Дэлхий нийтийн хандлага энэ зүгт тэмүүлж байгаа бөгөөд бид Монголоороо үлдэхийн тулд ард түмнээ оюунлаг байлгах л чухал. Үүнд зөвхөн уламжлалт соёл эсвэл уламжлалыг эрс үгүйсгэж огт болохгүй. Уламжлалд тулгуурсан шинэчлэлийг явуулах нь л зүй. Ингэж хөгжиж гэмээнэ бидэнд Чингис хаанаас өөр ядаж нэг ч атугай бахархал үүсэх биз. Эс чадваас түүхэнд л үлдэж болох.
Монгол хүний оюун ухаан бүхнээс илүү гэдгийг бус /энэ ойлголт устаад олон жил болж байгаа, 2-р дайны үеэс хойш/ бүхнийг хийж чадах, мөн хэнээс ч дутахгүй гэдгийг л харуулах ёстой. Өөрөөр хэлбэл бол тусгаар тогтнол гэдэг бол тусдаа тогтноно гэсэн үг бус, тусгаар оршихуй мөн боловч бусадтай илүү өргөн харилцахын нэр болон хувирч байгаа юм. Цаг үетэйгээ зэрэгцэж алхан, ёс зүйг өөрсдөөсөө эхлэн төлөвшүүлээд, нийгмийн өмнө хариуцлагаа хүлээгээд, уламжлалаа хүндэтгэн амьдрах шаардлага бидний өмнө байна.
Өмнөх үе минь бидэнд тусгаар тогтносон Монгол улсыг өвлүүлж өгсөн болохоор бидэнд харин хойч үедээ Оюун ухааны хувьд тусгаар тогтносон Монгол улсыг өвлүүлж өгөх үүрэг оногдож байна. Ингэж онцолсон нь угаас улс төрийн хил бат бөх байгаа төдийгүй энэ ойлголт тун удахгүй устаж магадгүй, үгүй юмаа гэхэд энэ талаар одоо Монголчуудын айж явдаг цаг үе нь өнгөрсөн. Бидний үеийнхэн Дэлхийтэй мөнгөний төлөөх зүсэн зүйлийн /хар ажил, хууль бус наймаа г.м/ дайн бус ухааныхаа цараагаар Оюуны дайнд мордох цаг нь ирсээн Монгол залуусаа.., Урагшаа..,
Монгол улсыг дэлхий дахинд тунхаглан зарласны 
86 жилийн ойн баярын мэнд хүргэе..,

No comments:

Post a Comment