Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Хайрын нарсан төгөл

...Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл  үнсмээр
Дэр нийлүүлж орчлонг мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр
А.Эрдэнэ-Очир
                Улаанбаатраас зүүн тийш анх удаа гарч үзэж байгаа минь энэ. Хангайн сүрлэг үзэсгэлэн бүрдсэн Хэнтийн нуруу, энэ л нутгийн зон олныг усаар дутаахгүй гэсэн мэт мушгиралдан урсах Хэрлэн, Онон. Дуутайхан, суутайхан буриад зон, гэгэлгэн хийгээд уянгат дуун сэтгэлийг минь эзэмдээд “Үнээдэйн нютаг”-т, би тэр “Тоонот нютаг”-т дэндүү хайртай. Бүхий л зүйлст утга өгөх гэж, том хүн болох гэж оролдсон-хэлбэрдсэн мөчүүд. Хэзээ ч үл мартагдах анхны болзоо “Хайрын нарсан төгөл” минь. Тэр үдэш. 2002.6.30. Хэнтий аймгийн Баян-Адарга сум, Дуурлиг нарс, Хүннүгийн үе.., Амьдрал минь надад “Би ч бас чамд хайртай” гэсэн хариу өгч билээ. “Би ч бас чамд хайртай”. Нарсан ойн дундах оюутны майхан бүхий бичил хотхон. Энд тэнд элдэв яриа, тоглоом наадам, инээд наргиан..,
                -Хоёулаа ангийнхнаас түр холдох уу?
                -.../хариу ам нээж чадаагүй ч зөвхөн бодолдоо л хэлж зүрхэллээ/
Амьдрал ямар сайхан юм бэ. Нарсан ойн гүнд нам гүмхэн, аниргүйн дунд ангийнхны дуу холдсоор, хааяахан энд тэнд ширхийх чимээн, шувуудын дуун, өвс налуулан урагшлах бидний хөлийн чимээ.., Юу ярихаа мэдэхгүй хэсэг зуур алхав. Ийм л үеэд тоглоом наргиан хийж үеийнхнээ хөгжөөдөг минь, хэнтэй ч хамаагүй юуны ч тухай ярьдаг минь огт оргүй алга болсон мэт, зөвхөн огт оргүйд нисэх мэт.., ийм нам байдалд ингэж алхаж, ийм нам гүм байдлыг эвдэж үзээгүй би зөвхөн гэрэл тийш яваа гэдгээ л мэдэрч байлаа. Магадгүй зөвхөн түүнийг л үг хэлэхийг хүлээсээр л.., Бороо, ашгүй бороо шивэрч эхэллээ.., Бид алхасаар л.., тэр минь бороонд ямар их дуртай гээч.., нарсан ойд бороон чимээ л сонсогдохоос ус нэвтэрдэггүй ажээ. Бороо улам ширүүслээ.., нэгэн том модны дор хоргодон зогслоо. Борооны ус хувингаар цутгах мэт, одоо л нарсан ойг нэвтлэн газар бууж эхэллээ. Бидний нөмөрлөн зогсох өвгөн нарс биднийг норгочихвий гэсэн шиг аварга том мөчрөө алсуур гудайлган борооны усыг тэртээ хол газардуулна. Хааяа хааяахан ганц нэг дусал ус бидэн дээр дусална, бид бие биедээ улам ойртсоор л, хэн хэн нь үүнийг л хүсч байсан, анхны тэврэлт. Зүрхний цохилт бүр нь надад мэдрэгдэнэ, хэмнэл нь алдагдсан миний зүрх улам хүчтэй цохилоод, би өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй байна.., ямар ч байсан үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж.., Анхны хайр. Энэ миний гайхамшигт ертөнц хайрын нарсан ой. Би чамд хайртай. Анхны бүхэн дандаа гайхамшигтай. Анхны болзоо.
                -Би чамд хайртай.
                -Би ч бас чамд хайртай.
                -Насан туршдаа, ганцхан чамдаа л хайртай.
                -Би чамд итгэж байнаа.
                -Чи ч бас ганцхан минийх.
Үүр цайж байна, нарсан ойд бороо орсоор л.., модны завсраар хартал тэнгэр аль хэдийн цэлмэсэн байлаа. Нарсан ойд бас л, бороо дууссаны дараа ч бороо дусалсаар л байдаг ажээ. Үүр цайсныг зарлах мэт энд тэндгүй шулганалдан нисэх бяцхан шувууд, өглөөний цэнгэг агаар, борооны дараах байгал дэлхийн өнгө гээд бүхий л эргэн тойрон минь яг л миний сэтгэл шиг аз жаргалтай. Хайрт минь миний хажууд мөрийг минь түшин эрхэлэнгүй алхана, хэдий шөнө цурам хийгээгүй ч бид хоёр эрч хүч дүүрэн байлаа. Хайр дурлал гэдэг бүхнээс хүчтэй. Тэр хүчийг мэдрэх тусам амьдралын саад бэрхшээлийг жаргалтайгаар даван туулж чадна. Одоо би тийм их хүчийг мэдэрч байна. Надад бүхий л зүйлс өнгөлөг, жаргалтай сайхан харагдаж байна. Хүний ертөнц хайраар л амьдрахдаа гэрэлтэй..,

No comments:

Post a Comment