Афинд хүнд байдалтай хэд хоносны дараа Европ даяар аз жаргалын арал хэмээн алдаршсан Санториниг бид хоёр зорилоо. Анх удаа далай дээгүүр сүрлэг том усан онгоцоор явж буйдаа үнэхээр сайхан байлаа. Хягааргүйд нийлэх тэнгэрийн хаяа, далайн хөвөө. Нэг хоног явж байж сая очих газраа очлоо. Газар дундын тэнгисийн зүүн хойд хавьд орших бяцхан арал. Эндхийн амьдрал Афинаас эрс өөр ажээ. Жуулчдын ертөнц. Дандаа инээд наргиан, байр хөөр болсон хүмүүс. Энэ жижигхэн аралд оршин суугчид нь дөнгөж 10 мянга хэрнээ жилдээ 600 мянган хүн ирдэг гэсэн. Грекүүд, Европууд төдийгүй Азиуд, Америк тивийхэн энд зогсоо зайгүй сүлжилдэнэ. Энэ их хөлийн газарт бид 2 нилээд хугацаанд амьдарсан юм. Энд ажилгүй хүн гэж үгүй, жуулчдад зориулж юу ч хийсэн байнгын эргэлттэй. Бүтэн жил жуулчид хөлхдөг, үзэсгэлэнт наран шаралгын газруудтай, тэднийгээ дагаад үй түмэн ресторан, зочид буудлууд, авто машин, мотоцикл болон усан онгоц, завь түрээслэх газруудтай. Энэ арлаас Платон хэмээх гайхамшигт Философич төрсөн. Грек бол хүн төрөлхтний соёл иргэншлийн эхлэл, уурхай билээ. Платон тэр олон гайхалтай мэргидийн нэг нь.
Санторинигийн өөр нэг бахархал бол эндээ усан үзмээ тарьж өөрсдөө үйлдвэрлэсэн Вино. Санториничууд усан үзмээс өөр ямар нэг төрлийн ногоо тарьдаггүй. Европын бараг бүх л улс өөр өөрийн гэсэн брэнд болсон Вино болон пивотой. Эдгээр нь зүгээр нэг согтууруулах ундаа гэхээсээ илүүтэй тэдний уламжлалд томоохон байр суурь эзэлдэг соёл болон хөгжсөн. Тэдгээрийн соёлтой зөв хэрэглээ нь нийгмийн харилцааны хэрэглүүр, нөгөө талаасаа ихэмсэг байдлынх нь илэрхийлэл болдог. Вино болон бусад дарс хадгалдах явдал Европод түгээмэл байх ба тэдгээр нь бүр хөрөнгийн хэмжүүр, удам угсааных нь илэрхийлэл болох нь ч буй. Зөвхөн нэг ханан дахь Вино нь л 200 мянган еврогоор үнэлэгдэх гурав дөрвөн тийм хэмжээний виноний цуглуулгатай хүнтэй ч таарч байсан. Сонирхолтой хобби шүү. Яг л спорт сонирхдог хүмүүс шиг. Тоостой, шилэн дээрх хаяг нь гар бичмэл бүхий виногоо харж тэд онцгой мэдрэмж авдаг гэсэн. Бид бол үүнээс тэс өөр зүйлс сонирхдог болохоор тэр бүр ойлгоход хэцүү л дээ.
Наранд шаралгын газар. Энэ бол урьд нэрий нь сонсоход догдолдог байсан сайхан ертөнц. Энд том том наран шаралгын газрууд үдийн хэрээс эхлээд үдэш болтол л олны хөлд дарагдана. Далайн эргийн цагаан элс, намуухан давалгаа, хүн усанд сэлэхэд бүхий л тааламжтай нөхцөл бүрдсэн газар. Арал, эрэг болгон ийм байдаггүй гэнэ лээ. Эргээс жаахан холдуут л огцом сүрлэг хадтай уулс. Уулын агуйнууд, эртний дурсгалууд гээд энэ аралд хүний нүд булаах зүйлс элбэг. Үүнийг харахад үнэхээр л аз жаргалын арал гэлтэй. Энэ л аралд анхны Монгол хүний мөр гаргасан бид хоёрыг энэ арлынхан их дотно хүлээж авсан. Амьдардаг газрынхаа ойролцоо явж байхад биднийг бүх хүн танидаг болсон. Зарим нэг нь Монголын тухай сонирхон асууж яриа өднө. Болгарууд манайханд их сайн. Монголчуудын тухай сайн мэддэг. Энэ нь хуучин тогтолцооны үед ойр харилцаатай байсантай холбоотой. Мөн Болгарчуудын нилээд хэсэг нь өөрсдийгөө Монгол гаралтай гах бөгөөд үүнийг бүр дунд сургуулийнх нь хичээлийн хөтөлбөрт байдаг тухай нэг Болгар найзаасаа сонсож байсан юм. Харин Грекүүд Монголчуудыг төдий л сайн мэдэхгүй. Энэ аралд бүр ч төсөөлөл багатай. Бидний ойролцоо байсан Грекүүд Монголын тухай бага боловч төсөөлөлтэй болсон билээ. Би нэг ийм жижигхэн ертөнцөд их хайртай.
Гурван жил гэрийнхэнтэй цагаан сараар золгоогүй болохоор би цагаан сараас өмнө гэртээ харихын хүслэн болж гэрийн зүг жолоо залсан юм. Эвхаристо Санторини, Я сас Грек.., Эндээс 22 хэмийн халуунаас Монголд -34 хэмийн хүйтэнд бууж билээ.., Европ дахь амьдрал минь Шереметьево-2-оос Улаанбаатар хотруу ниссэнээр дууссан юм..,
No comments:
Post a Comment