...Амьдрал минь, найган ганхах бороо ч юмуу чи
Амьдрал минь, дэлбээгээ нээсэн цэцэг ч юмуу чи..,
“Гранд” хамтлагийн дуунаас
Завхан нутагт төрж бага насаа өнгөрөөж, Улаанбаатарт өссөн болохоор хот хөдөөгийн аль ч амьдралыг хагас дутуу гадарлах билээ. Бага нас минь ийм л эрлийз. Ижий аав минь 40 гаран жил төрд зүтгэсэн, тэр л үеийн хүмүүжил ёсоор шударга, хөдөлмөрч, үнэнч байхыг бидэнд байнга л захидаг.
Бага нас минь бусдын л адил өнгөрсөн. Бүрэг талдаа хэрнээ чимээгүй сахилгагүй гэж хааяа багш нараас банга хүртдэг байж билээ. Тоо бодох, миний хамгийн дуртай зүйл байсан, ямартаа л Аймгийн математикийн олимпиадад дөрөв дарааллан түрүүлж билээ. Монгол бөх болон бусад бүх л спорт, урлаг, уран зохиол, нийгмийн амьдрал гээд ер сонирхох зүйл мундахгүй их. Гэхдээ бүжигт яагаад ч юм ясны дургүй. Бүжгээс бусдад бол чамгүй авъяастай байсан, хаана л юу болно оролцоод л явж байдаг байж. Аймгийн спорт хороо болон Женко-34 клубт жүдо бөхөөр цөөн жил хичээллэж байсныг эс тооцвол хичээлээс өөр хийсэн зүйл бараг үгүй. Төрж өссөн, мөрөөдөл тийш намайг хөтөлсөн, гэнэн цайлган насны минь нандин дурсамж шингэсэн бүхий газартаа би хайртай.Ингэж арван жилийг дүүргэсний дараа МУИС хэмээх өнөр айлын нэгэн гишүүн болох хувь надад тохиосон юм. Их сургууль их юм өгсөн надад. Анхны хайр, бяцхан хүүгий минь, амьдралыг минь эхлүүлж өгсөн. Их сургуулийн хичээлийн хоёрдугаар байр, хоёр давхар, оюутны гуравдугаар дотуур байр, тэр хэсэгхэн газрыг холбосон зам. Энэ л хооронд мартагдашгүй гэгээн дурсамжууд минь инээд хөөр, уйтгар гунигтайгаа цуг одоо ч үргэлжилж байгаа мэт. Археологи, зуны дадлага, унасан бас чөлөөлөгдсөн, дуртай бас дургүй хичээлүүд, номын сан, урлагын үзлэг, ТВ караоке, Орос хэлний олимпиад, оюутны шоу, яруу найраг, Антропос клуб, дотны андууд минь. Энэ бүхэн хонхны баяртай цуг ард минь үлдэж. Одоо надад үүнийг гэрчлэх мэт Их сургуулийн диплом, хэдэн зураг л үлдэж дээ. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр амьдралын минь хоёр эрдэнийг надад өгсөн Их сургуульдаа би дэндүү хайртай. Арван жилд байхаасаа л элдэв хар бор ажил хийж өөрөө өөрийгөө болгох гэж оролддог байж. Барилгын туслах, таксины жолооч, хэвлэх үйлдвэр. Өөрийнхөө олсон мөнгөөр өөрөө ямар нэг зүйл авах нь үргэлж л сайхан байдаг.
Дөрөвдүгээр курст сурч байхад минь азтай явдал тохиож Оюуны өмчийн газар хэмээх цомхон хэрнээ чадварлаг хамт олон дунд орж билээ. Бүгд л аль ч талаараа надаас дээд зиндааны хүмүүс байсан. Тэднээс амьдрал болон бусад дэндүү их зүйлд суралцсан. Хамгийн гол нь ажлыг хэрхэн хийх, мөн хүмүүний харилцаа хэмээх агуу соёлоос бага ч болов суралцсандаа баярлаж явдаг. Магадгүй эндээс л нийгэмд оршин байх хэв маягаа олсон. Өөрийгөө хэн гэдгээ ч бага зэрэг таньж авсан. Энэ л хамт олонд би дэндүү дасчихаж билээ. Шинэ жил, 4.26, цайны өрөө, хаврын зугаалга, даргын өрөө, санхүүгийн өрөө, цагаан утас, Нарантуул зах, 4 давхар 408, дурсамж, 5-н 20-н, танил зураглалууд байнга л сэтгэлдээ хийчихсэн слайд шоу шиг л үрэглжилсээр.., Нэг л өдөр амьдрал гэдэг хязгааргүйд далавчтай эсэхээ ч мэдэхгүй нисчихэж билээ. Тэднээс хол явсан эхний сар өдөр бүр зүүдэнд минь орж, үнэхээр хэцүү байсан. Аав шиг, ах шиг, анд найз шиг хамт олон дунд байсан болохоор, хазайхад минь түшиж, баярлахад минь урам хайрладаг хамт олон дунд байсан болохоор би их санасаан.., Намайг алдаа, оноотой минь хайрлаж явсан тэдэнд би дэндүү хайртай, бас өртэй.
Амьдрал эргэсээр.., нэг л өдөр гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүү чинь очиноо очино, гэрэл цацруулсаар очиноо та нартаа..,
No comments:
Post a Comment