Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Yειά σου!!!

Бид хоёр ерөнхийдөө их ойролцоо зантай. Австриас Грек явахаар зориг гарган онгоцны билет бичүүллээ. Бүх л хүн гайхаж байсан. Таних хүнгүй, мэдэхгүй газар яах гэж.., гэвч нэгэнт л зориглосон болохоор явах нь л зөв. Ер нь амьдралдаа л хэрэгтэй бол зоригтой алхаж байха нь зөв гэдэгт бид хоёрын санаа дэндүү нийлдэг. Энэ нь ч бас л бие биедээ татагдах нэг шалтгаан байсан биз. Бид хоёр зовлон жаргал дунд нэгэндээ туниж баярлаж явсаар 8 жилийг хамт үдсэн болохоор одоо бараг л бүхий л үйл хөдлөл нь ижилхэн болсон. Австрид халууны эрч ерөнхийдөө бууж байх үеэр бид Венийн онгоцны буудлаас Афины зүг нислээ.
Афин хот. Эртний түүхтэй энэ гайхамшигт хотод ирж буйдаа үнэхээр гайхалтай сайхан мэдрэмж төрж байв. Бас хэдхэн жилийн өмнө Олимп болсон болохоор хөгжил сайн гэж төсөөлж байлаа. Гэвч онгоцноос дөнгөж буугаад сайхан төсөөллөөс минь тэс өөр болохыг харсан юм. Хаана ч нуугдахын аргагүй бөгчим, аагим халуун, усгүй хатсан шаргал хөрс, яг л цөл шиг, энд тэндгүй хөглөрөх цыгануудын оромж, ширүүн харцтай сахал үстэй бүдүүлэг маягийн хүмүүс. Гэнэтхэн соёлт ертөнцөөс уначихсан мэт санагдаж билээ. Бид хоёрын мэргэжилтэй Афин хот салшгүй холбоотой. Тийм ч болохоор бид энд сонирхох зүйл ихтэйд нь татагдаад дээрх мэдрэмжүүд их хурдан хугацаанд өөрчлөгдсөн юм. Афин хот жижгхэн хот юм, үзэх зүйлс нь цомхон, хэдхэн газарт л төвлөрөн байдаг. Эртний театр, Олимп уул, Олимпын цэнгэлдэх, эртний уран баримал, барилгууд. Биднийг тэнд байх үед Грек Италийг дамнасан асар том түймэр гарч байсан юм. Угийн халуун газрыг хэлэх үү, дээр нь цөл газрын хуурай мод дүрэлзэн асах, түүний утаагүй шахам зэрэглээтсэн халуун илч нь амь тэмцүүлмээр байсансан.
Эртний суутнууд төрөн гарсан энэ улс, төрт ёсны түүх, суут сэтгэгчидээрээ дэлхийд гайхуулаад зогсохгүй бүхий л шинжлэх ухааны өлгий нутаг гэж өөрсдийгөө үздэг. Дэлхийн шинжлэх ухаанд 50 мянга орчим Грек, 30 мянга орчим Латин үг хэрэглэгддэг тухай тэд ярьдаг. Анхдагч, анхны гэсэн үг тэдний хамгийн түрүүн хэлэх дуртай үгс.., Хүн төрөлхтөн эндээс иргэншиж эхэлсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл Хомосапиэнс энд л жинхэнэ төрхөө олсон бололтой. Энэ нь ч үнэн биз. Грекүүд ер нь өнгөрсөн түүхээрээ ихэд бахархдаг ард түмэн. Энэ чанар нь Монголчуудтай төстэй. Тэд гэвч эртний агуу түүхийг бүтээж чадсан хэрнээ өнөөгийн Европод бол хамгийн сул дорой улс. Ер нь түүхээрээ бахархах гэдэг сайн тал мөн боловч, дан ганц энэ талруу шүтээд шинчлэл хийгдэхгүй бол, тэр үеийнхээ соёлтойгоо хамт түүхэнд үлдчихдэг юм шиг. Ийм орнуудын жишээ олон. Дэлхийд хүчирхэг байсан орнуудаас өнөөдөр тусгаар үлдсэн улс орнууд хуруу дарам. Египэт, Грек, Монгол г.м. Түүхэнд түүх болж үлдэхгүйн тулд шинэчлэлд илүү анхаарах хэрэгтэй. Тэртэй тэргүй тэр агуу түүхийг бүтээсэн үеийг хүн төрөлхтөн хэзээ ч арилгаж чадахгүй, түүх бол бичигдсэн байдаг. Харин ирээдүйгээс бол арилгачихаж мэднэ. Энэ бол бидний бодох ёстой зүйл.
Монгол Грекийн харилцаа дипломат ёс төдий зүйл гэдэг нь алхам бүрт мэдрэгдэж байсан юм. Афинд хуруу дарам цөөн Монгол хүн амьдардаг бөгөөд дандаа гадны хүмүүстэй гэр бүл болсон, гэр орноо санаж бэтгэрсэн хүмүүс байдаг юм билээ. Жаргал гэхээсээ зовлон нь ихэдсэн хүмүүс ч юм шиг. Хар бор ажил хийж өдөр л өнгөрөөдөг хүмүүс шиг. Грекэд Болгарчууд нилээд хүчтэй. Орон болгон өөрийн гэсэн бодлогоор дэмждэг улстай байдаг юм шиг. Чехэд Вьетнам, Украйны мафи, Австри, Германд Туркын мафи, Чечень, Гүрж зэрэг орнуудын томоохон бүлэлүүд, Англи дахь Энэтхэгийн мафи, Францын Мороккогийн мафи, Алжир болон Харуудын томоохон бүлэглэлүүд, бараг орон бүрт байх Орос, Хятадын мафийн гар хөл. Эдгээр нь илт муу зүйл хийхгүй ч гэсэн улс орных нь зах зээлийн тодорхой хэсэг, хөдөлмөрийн зах зээл, мөн хар тамхи зэрэг хууль бус зүйлсийг хийж гүйцэтгэдэг. Энэ бүхэнтэй адил Грекэд Болгарын мафи, Румын, Пакистаны томоохон бүлэглэлүүд байдаг юм билээ. Тэд сайн муу бүхий л зүйлсийг хийдэг. Мэдээж дандаа улс төр эдийн засгийнх нь томчуудтай нь нягт холбоотой байдаг байх. Харин хаана ч байсан жижиг гэмт хэрэг хийж байдаг хүмүүс бол цыганууд.
Афиныг сонирхож хэд хоног дассаны эцэст бидний амьдрах газар энэ биш гэдгийг ойлгож авсан юм. Арай тайван, нам гүм газар хэрэгтэй байсан юм. Афинд хэдийгээр жуулчид их очдог ч төдий л тайван бус юм шиг санагдсан. Бид хоёр хэний ч зөвлөгөө дэмжлэггүй, зөвхөн өөрсдийн хувь заяа, мэдрэмжид л итгэн бүхнийг шийдэж явсан юм. Ийм байх чадвар зөвхөн залуу насанд байна. Магадгүй эргээд харахад алдаа байхыг үгүйсгэхгүй ч, хэн болгоны хүсдэг хэрнээ зориглож чаддаггүй тийм л замаар явж амьдарсандаа хэзээ нэг цагт алдаанаасаа илүүтэй бахархах биз. Миний зарчим бол гэртээ өтлөхийг л хүсдэггүй. Аль болох ихийг үзэж, холхон явж байхыг хүсдэг. Миний хайр ч бас яг тийм. Монгол хүн урьд өмнө очиж байгаагүй газар ч бид хоёр очиж байсан. Нутгаасаа гарч чадалгүй өтөлдөг байсан монголчууд өнөөдөр дэлхийгээр тархан суурьшсан байна. Энэ бол сайн чанар. Малчныхаа хотонд малаа маллаад түүхээ дээдлээд энэ хэвээрээ байх юм бол Монголчуудыг бусад улс орнууд дээрэлхэнэ үү гэхээс, лав туслахгүй. Их явж, их зүйлсийг мэдэж, сурч байх нь л хамгийн чухал. Энэ хэрээр улс орны дархлаа өндөрсөх биз..,

No comments:

Post a Comment