Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Мөнхийн шалтгаан

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай! 
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна! 
Тэр эгшгэнд би хачин их хайртай,
 
Хайраар би амьдардаг аа!
 


Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна! 
Тэр бараанд би хачин их хайртай!

Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..



Д.Урианхай

No comments:

Post a Comment