...жартайдаа ухаан ороод жаран нэгтэйдээ үхнэ..,
Монгол ардын зүйр үг
Аз жаргал гэж юу вэ? Хүн бүр л өөр өөрийнхөөрөө тайлбарлах байх. Энэ ч аргагүй юм. Хүн бүр нийгэмд өөр өөр өнцгөөс ханддаг болохоор. Хүн нийгмээс л илүү их аз жаргалыг авч байдаг биологийн бас нийгмийн амьтан.
Минийхээр аз жаргал бол хайртай хүмүүстэйгээ нэг дор элэг бүтэн, дутагдах гачигдах зүйлгүй амьдрахыг л хэлнэ. Гэвч хүн бүрт байх өөрсдийгөө зовоодог гол зүйл нь шунал юм. Энэ атгаг сэтгэлийг л зөв залж чадвал бүх л хүний амьдрал аз жаргалтай байна. Аз жаргалыг ямар нэг хэмжүүрээр хэмжих боломжгүй л дээ. Өөр өөрийн оршин буй ертөнцдөө хэр зэрэг сэтгэл хангалуун байгаагаас л аз жаргалтай эсвэл үгүй нь тухайн бүрт янз бүрээр төсөөлөгдөнө. Яг адил орчинд амьдарчихаад нэг нь би хэзээ ч жаргаж үзсэнгүй гэх, нөгөө нь насаараа жаргалаа гэх яриа олон байдаг. Хүн бүр заавал төгс гэгээрэх албагүй ч аз жаргалын төсөөлөл дээр бол гэгээрэх л хэрэгтэй.
Энэ үгийг түүхэн цаг үе бүрт л тухайн үеийнхээ төсөөллөөр илэрхийлэх нь нийтлэг байсан. Магадгүй чулуун зэвсгийн үеийн хүний аз жаргал алж иддэг амьтадынх нь мах, арьс ч юмуу, түүнээс арай хожуу үед аль нэг овгийн захирагч ч юмуу, дараагийн үеүүдэд нь улс орныг удирдах, баян тансаг амьдрал, хаад ноёдын ордон, үзэсгэдлэн гоо охид хүүхнүүд, хэмжээлшгүй их хөрөнгө чинээгээр аз жаргалыг төсөөлсөөр ирсэн биз.
Гэвч эдгээрийн аль нь ч аз жаргалын жинхэнэ мөн чанар биш гэлтэй. Өдийг хүртэл төрөн гарсан олонхи суутнууд хийгээд суу алдартнууд, хүн төрөлхтний хүсэн мөрөөддөг ямар нэг оргилд гарсан хүмүүс нэг л зүйлд хамгийн сүүлд тэмүүлсэн байдаг. Ингэхдээ өөрийнхөө амьдралыг өөрөө л зовлон болгож явснаа ухаардаг ч амьдрах хугацаа дэндүү богино үлдсэн байдаг. Тэднийхээр хайртай хүмүүстэйгээ, халуун ам бүлээрээ, амар жимэр амьдрахыг л эрхэм болгосон байдаг. Харин хэзээ ч тэдэн шиг байж үзээгүй, магадгүй хувь тавилан нь хэзээ ч тийм байж чадахгүй олонхи хүмүүс тэдний хүрээд буцсан оргил /эсвэл мөхөл ч гэмээр юмуу/ тийш мөнхөд зүтгэсээр өөрийн аз жаргалтай амьдралаа зовлон болгосоор л..,
Өөрийн хийхийг хүсэхгүй зүйлсийг хийж, амьдралд дандаа жүжигчин шиг оролцох хэнд ч таатай биш ч энийгээ больж чаддаггүй нь л алдаа. Нийгмээр амьдрахын мөн чанар бол хариуцлага. Хариуцлага хүлээсэн болохоор нийгэмд оролцох нь зүйн хэрэг ч хэлбэр нь нэг л биш. Хайр сэтгэл итгэл найдварыг уландаа гишгэсэн энэ новшийн нийгэм нэг л өдөр солигдоно гэдэгт би итгэлтэй байна. Тэр л үед харин харамсах зүйлгүйгээр хэдхэн жил ч болов амьдрахсан..,
No comments:
Post a Comment