Санкт-Полтэний галт тэрэгний төв буудлаас ойр байсан хэдэн Монголчуудаараа үдүүлэн Германаас ирсэн нэг Монгол залуутай хоёул Франц руу шөнийн галт тэргээр хөдлөв. Галт тэрэг орой 23 цагт хөдлөөд өглөө 9 цагт Францын зүүн хойд талын томоохон хот болох Штрассбург /Strassbourg/-т ирэв. Бидний энд ирсэн зорилго бол алдарт Легионы арми.
Штрассбургын гудмаар хэсэг алхаж, бага сага бэлэн юм олж идээд хүмүүсээс Легионы цэргийн анги хаана байдаг тухай асууж эхлэв. Учир нь бид, Легион хаана байдаг, тэнд хэдэн Монгол хүн байдаг, ямархүү нөхцөлд байдаг гээд бүхий л зүйлсийн талаар огтхон ч мэдлэггүй зөвхөн л амьдралынхаа төлөө зорьсон билээ. Аз болж хэдэн цагдаа бид хоёрт хаана байдаг тухай тодорхой зааж өгч бүр автобусанд суулгаж өгөв. Францчууд легионыхоо армид хүндэтгэлтэй ханддаг нь алхам бүрт ажиглагдаж байлаа. Бид Штрассбургийн легионы ангид очсон анхны монголчууд болсон юм. Тэр өдөр бидэнтэй цуг Америк, Унгар, Эстоноос тус бүр нэг, хоёр Алжир залуу ирж билээ. Бид тэнд нэг хоноод маргааш өглөө нь Фарис дахь Легионы төв анги руу хурдан тэргээр хөдлөв. 600 шахам км газрыг 2 цаг гаран туулаад очих нь үнэхээр гайхалтай онгоц шиг л.
Фарис. Ингэж яваадаа нэг л итгэхгүй мэт санагдана. Фарисын Дисней лэндийн зүгт Бойсэй гэх газар Легионы төв анги байдаг аж. Тэнд бид очсоноор цэргийн асар том ангид олон зуун аавын хөвгүүдийн хамт алхлаа. Энд Ирландаас ирсэн нэг Монгол залуу байсан бөгөөд бид бүгдээрээ нэгнийхээ жинхэнэ нэр болон бусад зүйлсийг мэдээгүй юм. Учир нь орсон бүх л хүмүүст шинэ намтар зохиож өгдөг бөгөөд энэ нэр түүхээрээ л бусадтай танилцах ёстой. Яг энэ үед ойролцоогоор 300 орчим хүн байсан бөгөөд, дэлхийн бараг л бүх орноос байлаа. Нэг үеийнхэн бас ижил зорилготой ирсэн болохоор бүгд л бие биетэйгээ дотно танилцацгааж байв. Эндээс салаа болгон хувиарладаг бөгөөд тэд хаа ч явсан үргэлж хамт. Бид ямар ч байсан биеийн хөгжил, гүйж харайх зэрэг чадвар бусдаас дутахгүй гэдгээ эхнээсээ харуулж байсан юм.
Очоод хэд хоносны дараа биднийг нэг офицер дуудаад гадаа хүнтэй гарч уулз гэв. Гэтэл Монгол офицер залуу байлаа. Легионы офицеруудын биеийн хөгжил, биеэ авч яваа байдал үнэхээр атаархмаар байдаг юм. Монгол офицер ч яг тийм юм. Бидэнд легионы тухай болон Францын тухай нилээд ярьж өгөв. Бид ч их зүйл шалгаасан биз. Сүүлдээ бидний яриа бууз, хуушуур, наадам, цагаан сар болж өндөрлөсөн юм. Тэрээр легионд 3 жил болж байгаа бөгөөд олон нийттэй харилцах албанд нь Фарисыг хариуцан ажилладаг, бас хэд хэдэн оронд энхийн сахиулах ажиллагаанд оролцсон, нилээд нэр хүндтэй офицер байлаа. Бид Монгол хүн ингэж яваад, ийм болж болохыг хараад их баярлаж байлаа. Гэвч надад энд үлдэж чадахгүй байж болох ганцхан л айдас байсан юм. Тэр бол чих. Хэзээ ч юм бүү мэд, миний хэнгэрэг намайг мэдээ ороход л цоорхой байсан. Энэ надад асуудал биш боловч цэргийн байгууллагын хувьд том асуудал бололтой. Бид бүхий л зүйлдээ тэнцсэний дараа хамгийн сүүлд эрүүл мэндийн үзлэгт орцгоов. Маргааш өглөө нь тэнцсэн цэргүүдийг нэр дуудаж, салаанд хувиарлан гэрээ байгуулж эхлэв. Битгий ийм байгаасай гэж хичнээн хүссэн ч миний хүссэнээр болсонгүй. Тэр үед би мэддэг бүх л мааниа уншиж, бурханд хэзээ ч залбирч байгаагүйгээрээ үнэн сэтгэлээсээ хэдэнтээ залбирч билээ. Хэнгэргээ нөхүүлчихээд эргээд ир гэсэн нэг цаас өгөөд ангийн хашаанаас гаргав.
Эндээс Дэлхийн 7 гайхамшигийн нэг болох Эйфэлийн цамхагийн дэргэд миний амьдралын хамгийн хэцүү үеүүдийн нэг эхэлсэн юм. Цэрэгт очоод бүх л зүйл болно гэсэн тооцоогоор зөвхөн замд хэрэглэх болон цөөн хэдхэн евротой явсан минь алдаа байж. Би легионы цэргийн хашаанаас нэг ч цэнтгүй үүргэвчээ үүрсээр гарч билээ. Одоо надад энэ улсад таних хүн нэг байхгүй, бас утас, мөнгө юу үгүй.., юу ч бодогдохгүй болчихдог юм билээ ийм үед, гэхдээ европод олон жил амьдарсан нэг ахын хэлсэн “хүний нутагт сэтгэлээр унаж л болохгүй” гэсэн үг л сэтгэлд минь жаахан ч гэсэн хүч өгч байсан юм. Урд нь Францаар явж байсан болон амьдарч байсан хүмүүсийн ярианаас Эйфэлийн цамхагийн доор, эсвэл Шатлын ойролцоо Монголчууд голчлон уулздаг тухай сонсож байсан минь санаанд ороод шууд л тийшээ явав. Хаврын урин цаг байсан болохоор гадаа даарах хүйтэнгүй сайхан байлаа. Алдартай өндөр цамхагийг хараад сэтгэл минь тэгтлээ их хөдөлсөнгүй. Их л том төмөр сарайж сэрийгээд, энд бүх л зүйл нэг таагүй. Фарисын төвөөр Монгол хүн хайж, Эйфэлийн цамхагний дор 3 хонолоо. 3 хоног юу идсэнгүй. Энд тэндээс ус л олдохоос хоол бол олдох шинжгүй. Гэхдээ хоол биш Монгол хүн л хайж байсан. Ядаж байхад дэлгүүр ороод хулгай хийж ч чадахгүй, ийм бодол төрж байсан ч энэ бол тусгай хүмүүсийн хийдэг ажил гэдгийг ойлгосондоо.
Монгол хүн хүлээж энд байсаар өлбөрч үхэлтэй нь биш, Чех эсвэл Австри явъя гэж шийдээд Фарисын зүүн буудлаас Цюрихийн хурдан галт тэргэнд суулаа. Билет байхгүй болохоор хурдан галт тэргэнд суувал холхон том хотод шууд очих галт тэрэг л хэрэгтэй байсан юм. Францын хилд нилээн ойртож байтал билет шалгагч болон цагдаа нар над дээр ирэв. Бичиг баримт үзээд, билет яагаад аваагүй талаар шалгааж гарав. Хаа очиж хамгийн найрсаг цагдаа нар энд байдаг бололтой. Намайг Монгол дахь гэрийн хаягаар торгоод, ингэх зуураа надаас зогсоо зайгүй элдвийг шалгаана. Ингэж явсаар Цюрихт ирэхэд Швейцарын цагдаа нар хүлээж байв. 2 цаг гарангийн дараа Францруу явах хурдан галт тэргэнд намайг буцаагаад суулгалаа. Буцаад л Францад ирэв. Намайг Францын хил дөнгөж давуулаад Мюллхаус хэмээх жижиг хотод буулгачихсан юм.., Швейцарын цагдаагийн ажил энэ бололтой..,
No comments:
Post a Comment