Хайраар дүүрэн амьдрал минь..,

...Зөөлөн зөөлөн алхалсаар, амьдралд адгаж тэвдэхгүй, сөрсөн ч үгүй, урссан ч үгүй амьдарсаар л.., энэ нь надад болон энэ нийгэмд хэн хэнд нь халгүй амар мэт амьдрал үргэлжилсээр л.., зөвхөн миний л ертөнцийн үүдийг хүндэтгэн тогшсон хүн бүрт зөвхөн би л хамгийн дулаахан.., энд миний л ертөнцийнхний хэн нь ч үл сөрөх гайхамшигт аялгуу эгшиглэн буй бөгөөд халуун дулаан хайрын нарсан төгөл минь мөнхөд дэлгэрэн буй..,

Токио

             Анхны бүхэн сэтгэлд ойрхон байдаг ёсоор анх хил давж алсыг зорьсон үе минь өчигдөр юм шиг л тод санагддаг. Миний хувьд хилийн дээс анх алхсан минь дэлхийн хөгжлийн хөтөч Япон улс байсан юм. Анх үзсэн бүх л зүйлс гайхамшигтай санагдаж, шинэ шинэ мэдрэмжүүд дунд ёстой л соёлын шоконд орж нэг сарыг үдсэн дээ тэнд.

        Оюуны өмчийн газрын бүртгэлийн мэргэжилтэн болсны дараа “Оюуны өмчийн удирдлага” сэдэвт сургалтад суух аз надад тохиосон юм. Гэхдээ аз гэхээсээ илүү дарга, хэлтсийн дарга, болон хүмүүсийн хүчин зүтгэлээр би явсан юм. Улаанбаатар дахь Япон улсын элчин сайдын яаманд хэдэнтээ очиж ярилцлага энэ тэрд орсны эцэст виз авч Япон улсыг зорих нь тодорхой болсон юм. Учир нь би үүнээс өмнө дотроо айдастай нилээн хэд хонож билээ. Хэлний мэдлэг муу, дээр нь анх удаа явах гэж байгаа болохоор элчингийн материал хүлээн авдаг эмэгтэй нилээд хоргоосон. Эцэст нь ямар ч байсан миний талд асуудал шийдэгдсэн юм.
               Буянт ухаа. Өглөө эрт гэрийнхэнтэйгээ хамт анх нисэх буудал дээр ирлээ. Эндээс эхлээд л миний амьралд шинэ шинэ хуудсууд бичигдэж байсан. Би урьд өмнө хааяа нэг л хүн тосч эсвэл гаргаж өгөх гэж нисэх онгоцны буудал ордог, бас 7 настайдаа аавтайгаа хамт Завханаас Улаанбаатар хотруу онгоцоор нисч байсныг эс тооцвол онгоцны талаарх мэдлэг маруухан. Хилийн гарах хуудас, гаалийн шалгалт, татваргүй бүс гээд л бүх зүйл сонирхолтой шинэ байж билээ. Онгоцоор нисэх талаар яг үнэндээ ямар ч төсөөлөл алга. Ямар ч байсан нисэх гэдэг гайхалтай зүйл. Тэсч ядан хүлээсээр арайхийж онгоцонд орж удалгүй хөөрлөө.
  Бээжин. Онгоцны цонхоор зогсоо зайгүй газар ширтэн ниссээр нэг л мэдэхэд Бээжинд газардав. Уг нь шууд Япон явах ёстой ч нислэгийн хуваарийн дагуу Бээжинд бууж нэг хонов. Ийм хуваарь таарсанд би хувьдаа их баярлаж явсан юм. Бээжин үнэхээр түм түжигнэж, бум бужигнасан том хот юмаа. Хаа сайгүй холхих энэ их хүмүүс, энэ бүгдийн ууж идэж, эдэлж хэрэглэсэн, ялгаж гадагшлуулсан бүхий л хог хаягдлыг ор мөргүй цэвэр байлгаж чадаж байгаа нь сайхаг санагдаж билээ. Бид уг нь эд нараас цөөхөн ч хогны хувьд хэд дахин илүү. Ажлынхаа Бээжин дэх төлөөлөгч ахынд очиж амарлаа. Тэднийд тухтай ч гэж жигтэйхэн, элэгсэг ч гаж аятайхан хүмүүс юм. Нэг өдөр л энд байх тул ганц нэг дэлгүүр ороод Бээжингийн төвөөр хэсэг явснаар эндэх аялал минь өндөрлөсөн юм.  Маргааш өглөө нь Бээжингээс Токио руу нислээ.
              Нарита-2. Бээжингээс Токио ортол мөн л доош элдвийг харан явсаар.., Эх газар, их ус. Токиогийн нисэх онгоцны буудалд үдийн хэрд газардав. Бичиг баримтаа шалгуулж ачаагаа аваад онгоцны буудлаас гарлаа. Үнэхээр гайхамшигтай улс юмаа. Бүх л юм нь ер бусын гайхалтай санагдаж байсан юм. Урьд нь Токио битгий хэл Эрээн тоотой орж үзсэн надад энэ бүхэн зүүд мэт гайхалтай санагдаж байлаа. Онгоцны буудлаас зочид буудал руугаа өөрөө явах ёстой бөгөөд газрын зураг өгсөний дагуу метронд суун явлаа. Аз болоход хамгийн хямд үнээр хэрнээ шууд очдог метронд нь ороод суучихсан байсан юм. Ингээд ямар ч байсан төөрч будилсангүй явсаар Токиогийн зүүн хойд дүүрэг болох Кита-сэнжү-д байх жижгэвтэр буудалд буулаа. Маргааш өглөө нь буудлын үүднээс биднийг Японы патентын газрынхан ирж авлаа. Биднийг гэдэг нь Азийн 22 орноос нийт 30 орчим хүн ирсэн байсан юм. Эндээс метрогоор хэдэн буудал явдаг бөгөөд зам болон метроны тасалбар авах, уншуулах, ямар буудал дээр буух гэх мэтийг зааж өгсөн юм.
           Энд нэгэн зорилгын дагуу ирсэн бид нар хоорондоо дотно танилцаж, өдөр бүр төлөвлөгөө гарган нэг тийшээ явж үздэг байлаа. Токио үнэхээр үзэх зүйл ихтэй, гайхамшигтай хот. Одоогоор би ямарч байсан Токиогоос сайхан хотыг үзээгүй л байна.Токио товер, Дисней лэнд, Ёкохама, Фүжи уул гээд үзэж болох бүхнийг сар орчим явж үзсэн юм. Далай үзэх хүсэл их байвч яг эрэг дээр нь очиж үзээгүй л байсаар. Нэг найз маань Сэндай хотод Тохокү их сургуульд сурдаг байсан юм. Түүн дээр очихоор Шинкансэн гэж Япончуудын нэрлэдэг хурдан галт тэргэнд сууж явлаа. Энэ үнэхээр гайхалтай унаа юм. Онгоцтой адил хурдаар явдаг. 500 гаран км газрыг дунд нь хэд зогсоод 2 цаг гаруйхан хугацаанд явдаг юм билээ. Сэндай хотод их сургуулийн найзтайгаа уулзан түүний найз охин болон танил Япон хүнтэй цуг далайн эрэг тийш явж билээ.., Гүн цэнхэр өнгөөр алсад нийлэх Тэнгэр Далай хоёр сүрдмээр ижилссэн нь гайхалтай хэрнээ айдас төрмөөр.., үе үе яг л том том уулс хурдлан наашлах мэт хуйлран шуугих давалгаа.., тийм гэхийн аргагүй сонин мэдрэмж төрж байсан юм.., би яагаад ч юм байгалын сүрлэг тогтоцуудыг харахаараа өөрийн мэдэлгүй нулимс унагадаг.., урьд нь Отгонтэнгэр, Сутай уулыг хараад ийм мэдрэмж төрж байсан.., энд ч гэсэн ямар нэг зүйл огшоод айх, гайхах, бахархах бүхий л мэдрэмжүүд зэрэг төрж билээ. Далайтай ойрхон орнуудын хувьд энэ нэг их сонирхолтой зүйл биш ч Монгол шиг улсуудын хувьд бол яах аргагүй үл мэдэх сонирхолтой ертөнц. Далайн усанд гараа хүргэж, яриа сонсогдохгүй шахам шуугих их давалгааны чимээнд хэсэг суусны эцэст бид нар буцлаа. Харамсалтай нь хоёрдугаар сарын сүүл учир усанд орох цаг арай болоогүй байсан юм.
                Хүн төрөлхтний соёл иргэшлийн нэг оргил болсон энэ улс үнэхээр гайхалтай олон олон мэдрэмжүүдийг төрүүлсэн юм. Техник, технологийн дэвшил энд л жинхэнэ утгаараа байна. Гурван хэмжээст орчны бүтээлүүд, робот гэрийн тэжээвэр амьтад, дуртай зүүдээ зүүдэлдэг зүүдний машин, удахгүй худалдаанд гарах зөвхөн гар бүхий зөөврийн компьютер гээд гайхамшигтай дэвшилтэт ертөнц юмаа. Япончуудын соёл зан заншил мөн гайхалтай. Цаг баримтлах, бусдыг хүндлэх, тусархуу найрсаг зан, мөн нийгэмтэйгээ зэрэгцэж алхах хөдөлмөрч чанар. Тэдэнд бүх л зүйлс нь бүрэлдсэн мэт санагдаж байж билээ. Нийгмийн хөгжил 30 орчим градусын налуу чиглэлийн дагуу байнга дээшээ хөгжиж байдаг учир хүн цаг мөч бүр өөрийгөө боловсруулахгүй бол энэ хөгжлөөс хоцорно гэж тэд үздэг бөгөөд ясны зарчимч тэд зогсоо зайгүй л элдвийг хийж бүтээж явдаг сайхан зуршилтай хүмүүс. Япончуудын бүхий л зүйлсийг гайхан бишэрч явсаар нэг л мэдэхэд буцах өдөр болсон байлаа. Амандаа багтахгүй их зүйлийг ярихаар гэрийн зүг яарсаар Улаанбаатар руу ниссэн юм. Аригато гозаймас..,

No comments:

Post a Comment